Blog

Сандагсүрэнгийн Ундаргаагийн ‘Бэлчээрийн мал аж ахуй болон дундын нөөц баялаг: Монгол орны бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялгийг олж хүртэх арга, хэлбэр’ номын талаархи шүүмж (Eng/Mon)


2021.04.07.

The Mongolian translation of this book review was possible based on permission issued on January 2021 via emails by the author of the book review, journal & management. Public dissemination of the translation of this book review is available only on DRIMIA blog. 

Энэхүү номын шүүмжийг зохиогч, хэвлэсэн сэтгүүлийн зохицуулагч нарын зөвшөөрөлтэйгээр (2021 оны 1 сар) Англиас Монгол хэлнээ орчуулж, зөвхөн ДРИМИА-аар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа болно.

Original English version is available at/Англи эх хувилбарыг нь дараахь хаягаар орж сонирхоно уу:

https://link.springer.com/article/10.1186/s13570-017-0100-6

Монгол хэлнээ орчуулж хөрвүүлсэн С. Ундаргаа 

Хянан зассан П. Оюунтуяа

 

 

Addison, Pastoralism: Research, Policy and Practice (2017) 7:30 DOI 10.1186/s13570-017-0100-6 

Pastoralism: Research, Policy and Practice

Номын шүүмж                                                                                                                                        Нээлттэй хэвлэл

Сандагсүрэнгийн Ундаргаагийн ‘Бэлчээрийн мал аж ахуй болон дундын нөөц баялаг: Монгол орны бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялгийг олж хүртэх арга, хэлбэр’ номын талаархи шүүмж

Шүүмж бичсэн: Доктор Жэйнь Айддисон

Номын мэдээлэл: Сандагсүрэнгийн Ундаргаа, ‘Бэлчээрийн мал аж ахуй болон дундын нөөц баялаг: Монгол орны бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялгийг олж хүртэх арга, хэлбэр’ Хатуу хавтастай 272 хуудас, Ратлаж хэвлэлийн газар; 1-р хувилбар (2016-4-11), Англи хэл дээр, ISBN-13: 978-1138847484; ISBN-10: 1138847488.

Голлох нэр томьёо: Нийгмийн газарзүй, Ашиг сонирхол дээр үндэслэсэн эрх мэдлийн шинжтэй эдийн засаг, Дундын нөөцийн өмч, Тогтолцоо, Нөөц баялгийг хүртэх арга зам

 

 

Америкийн эрдэмтэн, экологич Г. Хардины туурвисан, нөөц баялгийг (бэлчээр, ус, ой г.м) нийт дундаа хэрэглэх нь эцэстээ эзэнгүйдэж, эмгэнэлт байдалд хүргэж болох тухай, нөлөө бүхий бүтээл байдаг. Үүнээс улбаалаад эрдэмтэн мэргэжилтнүүд, байгалийн баялгийн зохицуулалт (management) болон олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөрийн санал санаачлагуудыг судалж боловсруулахдаа, нийгмийн болон байгаль орчны өөрчлөлтөд нөлөө бүхий, тогтолцооноос хамааралтай хүчин зүйлүүдийг (institutional drivers) онцлон авч хэлэлцэх болжээ. Тухайлбал, нөөц баялгийн хомсдлыг шийдвэрлэх үүднээс тогтолцооны (дүрэм журам, хэр хэмжээ) шинэчлэлт хийх оролдлогууд ихээр явагдаж байна. Ялангуяа, засаг захиргааны хамгийн доод түвшинд дундын өмчийн тогтолцоонуудыг (common property institution) үүрлүүлэн суурилуулдаг (nested institution) засаглалын системүүд нилээд анхаарал татаж байгаа юм. Өндөрлөг, эх газрын хуурай уур амьсгалтай Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Гэвч Монгол орны байгаль орчны тогтолцоо нь суурь үндэс болсон бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг, нөөц баялгаа зохицуулж байгаа байдлууд болон зохицуулж чадахаа больсон зэрэг асуудлаар өдий хүртэл маргасан хэвээр байна.

Эрдэмтэн, судлаач С. Ундаргаа “Бэлчээрийн мал аж ахуй болон дундын нөөц баялаг: Монгол орны бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялгийг олж хүртэх арга, хэлбэр” хэмээх судалгааны шинэ ном гаргаад удаагүй байгаа. Тэрээр номондоо ‘өмч хэмээх ойлголтын хэр хэмжээ, хязгаарлагдмал байр суурийн талаар нэг мөр тодруулан тайлбарласан’. Ундаргаа Монголд хийсэн судалгаан дээрээ үндэслэн, бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн асуудлыг орчин цагийн байгаль орчны тогтолцооны онолуудаар тайлбарлах нь учир дутагдалтай хэмээжээ. Учир нь эдгээр онолууд нь бэлчээрээс гадна, бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон мал, малчдын ажиллах хүчний асуудлуудыг авч хэлэлцдэггүй сул талтай аж. Ундаргаа эдгээр асуудлуудыг онцолж тодорхойлсноороо Монголд, байгаль орчны асуудлуудыг шинэ өнцгөөс харж, судлах боломжыг нээж байгаа юм. Ялангуяа, эрх мэдэлтнүүдийн ашиг завшааны хойноос хөөцөлдсөн байдал, талууд хоорондын зөрчилдөөн, мөн хүмүүс мал аж ахуй эрхлэх боломжоо алдаж байгаа гэх мэт өнөө цагийн асуудлуудыг тогтолцооных нь талаас шийдвэрлэх гарц, арга замыг тодруулсан байж болох талтай. Тэрээр одоогийн Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засагт тулгараад байгаа засаглалын асуудлуудыг маш гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй авч судлахын зэрэгцээ, нарийн оношилж, дүн шинжилгээ хийсэн байна. Ялангуяа, бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд янз бүрийн тогтолцооны шинэчлэлтүүд явагдаагүй өнөөгийн нөхцөлд, энэ салбарын тулгамдсан асуудлуудыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын зохицуулалтаар (community-based natural resource management) шийдэж чадах уу гэдэгт шүүмжтэйгээр хандсан нь маш чухал сэдэв юм. Энэ утгаараа энэхүү ном нь байгалийн баялгийг олж хүртэх арга зам, байгаль орчны тогтолцооны чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, мөн Монголд, тив дэлхийд үндэсний болон олон улсын хөгжлийн байгууллагуудын хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн бодлогыг тодорхойлдог мэргэжилтнүүд сонирхохоор бүтээл болжээ.

Ундаргаа, байгалийн баялгийн зохицуулалт нь ашиг сонирхол дээр үндэслэсэн эрх мэдлийн асуудалтай (political ecology) нягт холбоотой байдгийг бодолцон, ‘Өмчийн эрх гэж, гаднаас гаралтай ойлголтыг ашиглан таамаг төдий тодорхойлохоос илүүтэйгээр, тухайн нутаг орны нөхцөл байдлаас урган гарсан ойлголтыг хэлдэг’ (хуудас 6) гэсэн онолын санааг дэмжин дэвшүүлжээ. Мөн энэ чиглэлээр ихээхэн судалгаа хийсэн Америкийн эрдэмтэн, ашиг сонирхол дээр үндэслэсэн эрх мэдлийн эдийн засаг (political economy) судлаач Элинор Остром, байгалийн баялгийн зохицуулалтыг сайжруулахад тогтолцоог нь засаад шийдчихдэг (Institutional panacea) асуудал биш хэмээн онцлон тайлбарласан байдаг. Ундаргаа онолынхоо санааг Монголын төв, тал хээрийн бүс нутагт маш нарийн судалгаа явуулж, хөдлөшгүй баримт, нотолгоо цуглуулсны үндсэн дээр дэвшүүлжээ. Түүний онцолсноор, улс төр, нийгмийн өөр өөр цаг үеүүдэд мал, малчин, бэлчээр гурвууланг нь хянан барьж байж бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулдаг байсан байна. Энэ утгаараа, одоотой харьцуулах юм бол саяхныг хүртэл, эдгээр гурван нөөцийг хоорондынх нь хамааралтай байдлаар нь хамтатган (synergetic manner) хянан барьж, олж хүртдэг, хэрэглэдэг байсныг онцолжээ. Тухайлбал, хувьсгалаас өмнө, аймаг хошуудын ноёдууд, шавь газрын дээд хэргэм зэрэгтнүүд, онцгой эрхийнхээ хүрээнд, татварын өмч болох мал сүргээ өргөн хэмжээний шилжилт хөдөлгөөний хамт хянан барьдаг байсан бол, малчид уламжлалт дүрэм, журмаа баримтлан бэлчээрийн нөөцөө зохицуулан дундаа ашигладаг байсан байна. Үндсэндээ ноёд, эзэд гол баялаг нь болсон мал сүргээ өсгөн үржүүлэхийн тулд малчид, нутаг бэлчээрийг хяналтандаа байлгадаг байсан аж. Гэтэл өнөө үед орчин цагийн бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо нь, харин эсрэгээрээ, байгаль хамгаалах асуудлыг хэт дөвийлгөн ихэвчлэн газрын асуудлаар хөөцөлдөхийн хажуугаар засаг захиргаа нь нутаг орондоо хүн, малын орж гарч буй шилжих хөдөлгөөнийг хянах чадваргүй болтлоо өөрчлөгдөн доройтжээ. Ундаргаагийн тайлбарласнаар, өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйн эдийн засагт, үйлдвэрлэлийн гурван үндсэн нөөц бүрэлдэхүүнээс зөвхөн нэг юм уу хоёрыг нь зохицуулдаг тогтолцоо бий болсноос үүдэн, гэнэтийн олон сөрөг үр дагавар гарах болсон.

Ундаргаа, номныхоо эхний бүлэгт, онолын асуудлуудыг нарийн тусгаж гол санаагаа дэвшүүлэхийн зэрэгцээ Монголд хийсэн судалгаагаа бусад бүлгүүдийн хамт танилцуулжээ. Дараагийн II бүлэгт энэ номын үндэс суурь болсон улс төр, нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зургийг дүрсэлж гаргасан байна. Үүнд, ХХ зууны колончлолын үр дагавар нь Дотоод Ази, Африкийн нөөц баялаг ашиглалт, хөгжлийн чиг хандлагуудад ихээхэн нөлөөлснийг бэлчээрийн мал аж ахуйтай холбон тайлбарлажээ. Тэрээр, эдгээр түүхэн асуудлуудыг хөндөсний үндсэн дээр, дундын өмчийн (common property) онолуудын дүрэм зарчим нь амьдралд хэрэгжүүлэхэд, ялангуяа байгаль орчны тогтолцоог боловсруулж бий болгоход, хэцүү, бараг л боломжгүй байж болох талаар өгүүлжээ.

III-VI бүлэгт бэлчээрийн мал аж ахуйн тогтолцооны асуудлыг Монгол орны түүхийн өнгөрсөн цаг үеүд дээр үндэслэн ерөнхийд нь авч хэлэлцжээ. III бүлэгт нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнөх үе (1206 - 1921 он); IV-р бүлэгт  нэгдлийн үе (1921–1991 он); V бүлэгт зах зээлийн шилжилтийн үеийн (1990-ээд он) талаар тус тус авч хэлэлцсэн байна. Эхэндээ, бэлчээр, мал, малчин хэмээх  гурван үндсэн нөөцийг захиран зарцуулж байсан түүхэн тогтолцооны бүтэц орчин үеийн байгалийн баялгийн зохицуулалтай хэрхэн холбогдож байгаа нь шууд харагддаггүй. Харин, Ундаргаа, дээрхи бүлгүүдэд, түүхэн чухал үйл явдлуудын тухай хэлэлцсэний үндсэн дээр, дээрхи гурван нөөцийг хянаж байж гэмээ нь бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийг сэргээнэ гэсэн санаагаа дэвшүүлсэн байна.

VI бүлэгт өгүүлснээр, 1990-ээд оны үеээс эхлэн дээрхи гурван нөөцийг нэг системээр нэгтгэн захирч чадахаа больсны үр дагавар илэрхий болж эхэлсэн байдаг. Ундаргаагийн нотлон тайлбарласнаар, мал, малчдын ажиллах хүчний талаар төр засгаас тавьдаг хяналт сулрахтай зэрэгцэн тогтолцооны хувьд газар олж авах зарим хяналт шалгалт чангарcнаас үүдэн, эрх мэдэлтнүүдийн өрсөлдөн завших сонирхол, малчид хоорондын зөрчилдөөн, бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудлууд бий болжээ. Энэ бүлэгт, өнөө цагт, төрөөс явуулсан бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийг зохицуулах оролдлогууд, удаа дараагийн бүтэлгүйтлүүд, мөн саяхнаас энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн гадны болон дотоодын төрийн бус байгуллагуудын талаар өгүүлжээ. Ундаргаа Монголд явуулсан судалгаагаа он цагийн дараалалтай тайлбарласан бөгөөд энэхүү судалгааныхаа баримт нотолгоог, ялангуяа, VI-VII бүлгүүдэд маш тод томруунаар, түлхүү ашигласан байдаг. Тухайлбал, VI бүлэгт, түүний олж тогтоосноор, Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоонд ямар ч нэгдмэл зангилаа, уялдаа холбоо байхгүй болсон байна. Жишээ нь, багийн дарга бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэгтэй мөртлөө бүртгэгдсэн өвөлжөө хаваржааны байршлыг байгаа нөөцдөө тааруулан зохицуулах хуулийн чадваргүй (сумын захиргаанаас хуульчлан шийддэг), мөн дээрээс нь баг сумын захиргаа, аль аль нь, үндсэн хуулийн чөлөөтэй нүүн шилжиж болно гэсэн эрхийн хүрээнд гаднаас олноороо малтайгаа шилжин ирж буй малчдыг орон нутгийнхаа нөөцөөс хамааран зохицуулах чадваргүй болсон гэх мэт асуудлууд байна. Тогтолцооны нэгдмэл бүтэц задарсан ийм нөхцөлд малчид заримдаа ч харьцангуй нөлөө багатайгаар нэгдлээс өмнөх үеийн уламжлалт дүрэм журмаа дагаж байсан бол заримдаа хувийн ашиг сонирхлоо бодсон эрх мэдэлтэй нэгнийхээ татаас түлхээсийг ашиглан, хэрхэн учраа олж байр, байдлаа дээшлүүлэх гэж оролдож байсан талаар, тэрээр, үргэлжлүүлэн дүрсэлжээ.

Ундаргаа, номынхоо VII-VIII бүлэгт, сүүлийн үед олон улсын дундын өмчийн нөөцийн онолуудад үндэслэн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын зохицуулалтын талаар, мөн төрөөс улсын тусгай хэрэгцээний бэлчээр газрыг дахин сэргээж байгаа талаар тус тус авч хэлэлцжээ. Тэрээр, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын зохицуулалт явуулах зорилгоор малчдын бүлгүүд хамтдаа бэлчээрээ хариуцан зохицуулдаг болох шинэвтэр загварын талаар судлаад, ‘гадна, дотны бодлого боловсруулж байгаа зөвлөхүүд дундын өмчийн асуудалд тулгараад буй хоёрдмол, гарцгүй байдлыг (common property dilemma) зөвхөн барууны өмчийн онцгой эрхийн (exclusive property rights) ойлголтоор хэмжиж хэлэлцээд байна’ (хуудас 163) хэмээн онцлон тэмлэглэсэн байдаг. Ундаргаа дээрхи малчдын бүлэг хэмээх шинэ тогтолцооны загварыг, бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн төрийн болон уламжлалт тогтолцооны түүхэн харилцааг харгалзан бодолцож байж, маш нарийн лавшруулан судалжээ. Ялангуяа, малчдын шилжилт хөдөлгөөн, мал өсгөхөд шаардлагатай бараа материалын дэмжлэг туслалцаа, эдгээрийн хэрэглээ, мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн системийн  өөр өөр хэсгүүдэд илрэх эзэмшлийн онцгой эрхүүд зэрэг үйлдвэрлэлийн голлох (мал, өвс тэжээл, бууцны газар, өвөлжөө, хаваржааны хашаа, хороо болон бэлчээр г.м) асуудлуудыг харгалзан бодолцсон байдаг. Учир нь бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь зүгээр нэг бэлчээр эдлэх эрхээс илүү асар том, өргөн цар хүрээтэй асуудал байдаг гэсэн санааг, тэрээр, дэвшүүлж байгаа юм.

VIII бүлэгт өгүүлсэн төрийн тусгай хэрэгцээний бэлчээр газрыг дахин сэргээж байгаа асуудал нь монголчууд өөрсдөө гардан санаачилсан (home grown) үндэсний бодлогуудын нэг юм. Энэ нь урьд өмнө эрдэм шинжилгээний түвшинд бараг л судлагдаж байгаагүй сонирхолтой сэдэв.  Өмнөх VII бүлэгт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн зохицуулалтын бодлого яригдаж байсан бол энэ бүлэгт, эсрэгээрээ, малчдын бэлчээрийн мал аж ахуй, тэдэнд тулгарч буй эрсдлийн асуудлыг Улаанбаатараас шууд, төрийн төвлөрсөн бодлогын шинэчлэлтээр зохицуулах тухай нарийвчлан судалсан байна. Энэхүү судалгаа нь, бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн тогтолцооны тулгамдсан асуудлуудыг зүгээр нэг гаднаас, бөөн зааварчилгаа болсон тогтолцооны онолуудыг импортлон оруулж ирж шийдэхээс илүүтэйгээр өөр, маш ээдрээтэй, олон хүчин зүйлстэй холбоотой асуудлууд байж болохыг харуулсан чухал ач холбогдолтой. Тийм ч учраас энэ талаар цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ байгааг харуулж байна.

Ундаргаагийн номондоо дэвшүүлсэн санаа, онолын ерөнхий ач холбогдол нь Монгол орны хувьд цаг үеэ олсон асуудал юм. Монголд ‘өмчийн эрх’-ийн асуудал нь, өнөөг хүртэл, ашиг сонирхол дээр үндэслэсэн эрх мэдлийн (political) хэв шинжтэй бөгөөд, малчид хоорондын зөрчил ихэсч, даац хэтрэн, бэлчээр талхлагдаж байгаа асуудлуудыг үндсэндээ тогтолцооны [өмчийн] хэлбэр загвар тохиромжгүйгээс (in appropriate institutional design) болж байна хэмээн буруушаасан хэвээр байна. Тэрээр одоогийн тогтолцооны болж бүтэхгүй байгаа асуудлуудаар хөдөлшгүй баримт нотолгоо бүрдүүлэн, цаашид бүтэц, үйл явцын хувьд юуг анхаарч сайжруулж болох талаар тодруулсан байна. Ундаргаа, IX бүлгээ дүгнэн, Монгол орны бэлчээрийн тогтолцоог цаашид хэрхэн чиглүүлэх талаар нарийвчлан тайлбарлажээ. Ялангуяа, өмнөх үеүдэд байсан шиг, [төрөөс] орон нутгийн хэмжээний албан тогтолцоонуудыг бэхжүүлэн, мал, малчин, бэлчээрийн нэгдмэл зохицуулалттай байх тал дээр голчлон анхаарахыг санал болгож байгаа юм. Тэрээр судалгааны маш сонирхолтой, хөдлөшгүй баримт нотолгоо, онолын тайлбар ашиглан энэхүү байр сууриа баталсан байна. Tүүний барьж буй байр суурь, хамгийн гол нь, өнөөгийн тогтолцооны нөхцөлд хэрэгжүүлж болохуйц гэдгээрээ онцлог юм.

 

Талархал

Зохиогч  энэ шүүмжийг бичихэд мөнгөн бус дэмжлэг үзүүлсэн James Cook University and CSIRO Land and Water байгууллагуудад талархснаа илэрхийлж байна.

Ашиг сонирхлын зөрөлдөөн

Зохиогчид ямар нэг ашиг сонирхлын зөрөлдөөнтэй асуудал байхгүй болохыг мэдэгдэж байна.

Хэвлэлийн газраас

Springer Nature хэвлэгдсэн газрын зургийн болон байгууллуулагуудын харьяаллын асуудлуудаар төвийг сахисан байр суурь баримтална. 

Цахимд хэвлэгдсэн: 01 December 2017.

LinkedIn